"Сократус Старт-ап Студио"-гийн гарааны бизнес, бизнес санааг бойжуулах хөтөлбөрийн эхний шатыг нэгэн гарааны компани амжилттай даваад байна. Системийн шийдэлд суурилсан инкубатор хөтөлбөрийн хүрээнд  Андууд Лаб компанийн хөгжүүлж буй хиймэл оюун ухаант туслах Чатбот эхлэлийн хөрөнгө оруулалтаа авч чадлаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд өчигдөр “Андууд Лаб” компанийн гүйцэтгэх захирал М.Эрхэмбаатар, Чатбот ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Энхчулуун болон "Сократус Студио" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Мэдээллийн технологийн компаниудыг дэмжиж буй "Сократус Старт-ап Студио"-гийн хөрөнгө оруулалт, ментор хөтөлбөр олон улсын зах зээлд гарах эхлэл болж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа “Андууд лаб”-ын үүсгэн байгуулагч залуус онцолсон юм.

 

Андууд Лаб нь хиймэл оюун ухаан, эх хэлний боловсруулалт, технологи хөгжүүлэлтээр дагнан ажилладаг.  Тэд энэ удаад chatbot.mn хиймэл оюунд суурилсан автомат хариулагчийг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. 

Байгууллагуудын фэйсбүүк хуудсыг автоматжуулах, 7 хоногийн 24 цагаар автомат болгож хүний үйл ажиллагааг хялбарчлах, байгууллага хэрэглэгчийн нөөцийг хэмнэсэн чат, робот гэсэн 2 үгний товчлол бүхий хүмүүс хоорондын харилцааг автоматжуулах зорилготой платформ юм.

Өөрөөр хэлбэл таны өмнөөс онлайн дахь ажил үүргийг хялбарчилж бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт, захиалга, мэдээллийн лавлагаа, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг бизнесийн олон үйлдлийг хийх боломжтой.

Үүнээс гадна байгууллагуудын төлбөр тооцоо авах, цаг захиалга оруулах, маркетинг сурталчилгааг илүү сайжруулах өргөн бололцоог олгож байгаагаараа ач холбогдолтой. Уламлалт жижиг дунд бизнесүүдийг дижитал шилжилт хийхэд технологиор туслах хялбар шийдэл юм. Багийн хувьд технологид суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр дагнан ажилладаг, гадаад дотоодын их сургуулиудад дээрх чиглэлээр төгсөж, эрдмийн зэрэг хамгаалсан чадварлаг, туршлагатай гэдгээрээ онцлог.

 

“Чатбот”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Энхчулуун:

Гадны зах зээлд ижил төрлийн хэд хэдэн үйлчилгээ бий. Тэдэнтэй харьцуулахад манай чатботын давуу тал олон. Үнийн хувьд харьцангуй хямдаас гадна, хамгийн гол нь монгол хэл ойлгодог. Хэрэглэгч  аливаа нэг үйлчилгээний байгууллагын фэйсбүүкт холбогдоход манай бот хэрэглэгчийн яриаг ойлгоод захиалгыг хамгийн хурдан шуурхай биелүүлэх, хариулах боломжийг олгодог.  Бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд  энэхүү чатботынхоо хөгжүүлэлт дээр тасралтгүй ажиллаж байна. 

Одоогоор тэдний хиймэл оюун ухаант туслах Чатбот-ыг “Голомт” банк, “Миг даатгал” зэрэг дотоодын томоохон ААН байгууллагууд гэрээ хийж захиалсан. Эдгээр компаниудын фэйсбүүк мессенжерийг автоматжуулах ажил хэдийн эхэлчихлээ. Цаашид дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны компани, ББСБ, жижиг дунд бизнес эрхлэгч нарт энэхүү ухаалаг туслахаа танилцуулж, хүргэхээр ажиллана. Сүүлийн үед фэйсбүүкийн мессенжерийн сурталчилгаа хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл гэгддэг учраас үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Байгууллага болгон дээр онлайн чат хариуцсан ажилтан бий. Томоохон компаниуд 10-аад ажилтан зөвхөн асуултад хариулахын тулд ажилладаг юм билээ. Энэхүү чатботын ачаар зардлыг хэмнээд зогсохгүй шинэ хэрэглэгчийг олох хэмнэлттэй сувгийг санал болгож байгаа юм. Бидэнтэй одоогоор qpay, mostmoney, candy зэрэг төлбөр тооцооны системтэй холбогдсон байгаа бөгөөд цаашлаад social pay, lend.mn гэх зэрэг бүхий л системүүдтэй хамтарч ажиллах бүрэн боломжтой.

“Сократус Студио" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог:

Бид гарааны бизнесийн шийдлийн давуу тал, хэрэглэгчдэд бий болгож буй үнэ цэнийг нь үнэлж сонгон шалгаруулдаг. Тэд энэ шалгуурыг хангаж чадсан. 

Байгууллагуудын хувьд хэрэглэгчтэйгээ эргэх холбоотой байх нь маш чухал. Гэтэл жишээ нь шөнө орой болсон, амралтын болон баярын өдрүүд таарсан үед байгууллагуудын call center нь ажилладаггүй, хэрэглэгч мэдээллээ авч чаддаггүй тал бий. Харин чатботын ачаар хэрэглэгч хүссэн үедээ тухайн байгууллагынхаа мэдээллийг авах боломжтой. Нөгөө талдаа байгууллагын хувьд хэдийд ч хаанаас хэрэглэгчиддээ мэдээлэл хүргэх, харилцах боломжийг олгож байгаа.  Хэрэглэгч, байгууллагын аль алинд нь үнэ цэнийг бий болгож чадах үйлчилгээ юм. Бид чатбот гарааны бизнест эхлэлийн хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй бизнесийн зорилгоо хэрэгжүүлж чаддаг хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болгох үүргийг давхар хүлээж байгаа. 

Гарааны бизнес эрхлэнэ гэдэг чинь “унаа” унаад алсын замд гарч байна гэсэн үг шүү дээ. Тэгвэл та хэдий сайн унааг бэлдэж замд гарна төдий чинээ зорилгодоо саадгүй хүрнэ. Амжилттай компани гэдэг бол зөвхөн сайн бүтээгдэхүүн үйлчилгээ биш юм. Цаана нь тухайн байгууллагын эрүүл мэнд, үйл ажиллагааны уялдаа холбоо, хэвийн үйл ажиллгаа чухал байдаг.  


Технологи асар хурдацтай хөгжиж  энэ үед эдийн засагт шинэ ойлголт бий болсон нь апп эдийн засаг билээ. Энэ бол гар утасны аппликейшнд суурилсан шинэ платформын нөлөө юм. Уламжлалт эдийн засгийн бизнес загварыг бут цохиж буй уг өөрчлөлтийн дараагийн үе хаалга тогшиж байгаа нь дээр дурдсан мессенжер эдийн засаг юм.

Хүмүүс сонирхол хобби, хэрэгцээнээсээ шалтгаалж гар утсандаа маш олон апп ашигладаг. Гэхдээ байнга хэрэглэдэг нь дундажаар 5 апп л байдаг гэдгийг хэдийн хиймэл оюун ухаан тооцоод гаргачихаж. Тэдгээр 5 апп-ын нэг нь заавал мессенжер апп багтдаг.  Facebook, Viber, Skype эсвэл Wechat гэх мэт. Тэгвэл яг энэхүү байнгын хэрэглээнд суурилсан үйлчилгээ, хөгжүүлэлт эрчээ авсан бөгөөд хамгийн үр дүнтэй арга гэгдэж байна. 

Ингэснээр байгууллагынхаа мэдээллээ эсвэл бараа үйлчилгээгээ хүргэхийн тулд апп хийлгэж хэрэглэгч заавал татах шаардлагагүй гэсэн үг. Үндсэндээ апп гэдэг зүйлийг хэрэглэгчийн хэрэглэдэг мессенжер цэст оруулаад өгчихөж байгаа хэрэг. Хэрэглэгчдийн цахим хэрэглээнд зарцуулах цаг ирэх гурван жилийн хугацаанд 3.5 их наяд цагт хүрнэ гэж шинжээчид тооцоолж байна. Монгол залуус ч бас хэдийн боломжийг олж харж олон улсын зах зээлд өрсөлдөхөөр ийнхүү зэхжээ.

Андууд Лаб компаний хиймэл оюун ухаант туслах чатботоо цаашид Зүүн өмнөд Азийн зах зээлд танилцуулах зорилготойгоор ажиллаж байна. Одоогоор тэд 130 гаруй жижиг дунд, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд болон 10-аад томоохон бизнесийн байгууллагуудад нэвтрүүлээд байгаа аж. Шинэ цаг, мэдлэгт суурилсан эдийн засагт хүч үзэх залуус айсуй.