Blog post
Blog post
С.Галхүү: Байгууллага, хамт олныг тодорхой нэгдмэл зорилго л чиглүүлдэг

“Сократус Студио” ХХК-ийн гарааны бизнесийг бойжуулах системийн шийдэлд суурилсан хөтөлбөрт хамрагдсан гарааны бизнесүүд хөтөлбөрийн эхний үе шатаа амжилттай төгсөж байна.

Хөтөлбөрийн эхний жилд “Байгууллагын стратегийн суурь тогтолцооны шийдлүүд”-ийг суурилуулж хэвийн үйл ажиллагаатай байгууллагын хэв шинжийг бүрдүүлдэг. Гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар Сократус Студио ХХК-ийн Хөрөнгө оруулалт, мониторинг хариуцсан мэргэжилтэн С.Галхүүтэй ярилцлаа.

Сократус Стартап Студио гарааны бизнесийн ээлжит сонгон шалгаруулалтаа зарлаад байгаа юм. Энэ сарын 30-ныг хүртэл эхний шатны шалгаруулалтын хүсэлт хүлээн авах аж.

-Өнгөрсөн 7 хоногт танай хөтөлбөрт хамрагдсан “Янзтай” брэндийн ясны шөл үйлдвэрлэгчид байгууллагын стратегийн суурь шийдлүүдээ бүрэн суурилуулж дуусч, батламж гардан авсан . Байгууллагын стратегийн суурь шийдлүүд гэж чухам юуг хэлэх вэ?

-Байгууллагын стратегийн суурь шийдлүүд, суурь тогтолцоо гэдгийг ярихын өмнө эхлээд бид “байгууллага”, “стратеги”, “тогтолцоо” гэж юу вэ гэдэг ойлголтуудаа танин мэдэх хэрэгтэй.

Бидний хувьд байгууллага гэдэг ойлголт нь нэгдмэл зорилготой, харилцан уялдаатай үүрэг хүлээсэн хүмүүсийн нэгдэл юм.

Стратеги гэдэг бол компанийн зорилгын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй, нөлөөлж байгаа саад бэрхшээлүүдийг танин мэдэх, сөрөг нөлөөллийг нь бууруулах эсвэл арилгах зорилготойгоор тодорхойлсон арга зам.

Харин тогтолцоо нь оролцогч талууд харилцан уялдаатай үүргүүдийг гүйцэтгэх замаар нэгдмэл зорилгоо хэрэгжүүлэх бүтцийг ойлгоно гэж тодорхойлсон байдаг.

Сайн анзаарвал эдгээр ойлголтод “зорилго” гэдэг үг ороод байгаа биз. 

Тэгэхээр бид эхлээд тухайн компанийхаа зорилго, үзэл баримтлалыг тодорхойлолцохоос ажлаа эхлэдэг. Зорилго өөрийн гэсэн хэв шинжүүдтэй. Тодорхой, ойлгомжтой байх, хэмжигдэхүйц, хөтөч болохуйц байх, оролцогч бүрийн нийтлэг ашиг сонирхол зэргийг тусгасан байх ёстой.

Зорилготой болчихсон бол зорилгодоо хүрэх арга замаа хэрхэн төлөвлөх вэ, хэрхэн хэрэгжүүлэх вэ, хэрхэн гүйцэтгэлээ хэмжих вэ, хэрхэн зорилгодоо хүрч байгаа эсэхээ хэмжих вэ, зорилгод сөрөг нөлөө үзүүлж буй асуудлуудаа хэрхэн танин мэдэх вэ гээд олон асуулт ар араасаа дагаад гарч ирж байгаа биз. Энэ бүхнийг шийдэх шийдлүүдийг эхлээд компанидаа суурилуулахыг стратегийн суурь шийдлүүд гэж байгаа юм. 

Манай хөтөлбөрт одоогоор хамрагдаад байгаа 5 компанийн 4 нь суурь шийдлүүдээ угсраад дуусч байна. Шийдлүүдийг байгууллага бүрийн зорилгод тохируулдаг буюу хэрэгжүүлэх арга аргачлал, алгоритмуудыг нь тухайн байгууллагын онцлогт тохируулан нэмэх, хасах гээд ажлууд байдаг. 

-Хөтөлбөр эхлээд компанийн үзэл баримтлал тодорхойлохоос эхлэдэг байх нь. Тэгвэл үзэл баримтлалд ингэж их анхаарсны үр шим нь юу байх вэ?

-Өмнө хэлсэнчлэн зорилго тодорхойлогдсоны дараа дагаад олон асуулт гарч ирдэг. Тэгэхээр тодорхой зорилго тавиад түүндээ хүрэх ажлуудыг хийдэг гэсэн үг. Ингэж чадаагүй цагт тэр олон асуултад хариулт олж чадахгүй шүү дээ.

Байгууллага, хамт олныг тодорхой нэгдмэл зорилго л чиглүүлдэг.

Тэгвэл баг хамт олныг бүрдүүлж буй хүмүүс өөр өөрийн гэсэн хувийн зорилгуудтай. Энэ олон зорилго нэг цэг рүү төвлөрөхгүй, өөр өөрийнхөөрөө зорилгыг хэрэгжүүлэх гээд ажиллаад байвал хэсэг хугацааны дараа ямар үр дүнд хүрэх бол. Жишээ нь найз нөхөдтэйгээ хөдөө уулзья гэж хэлээд зам салаад тус тусдаа гарцгаавал нэг цэгт уулзаж чадах болов уу...Байгууллага, компанийн зорилго гэдэг бол тэнд байгаа хүн бүрийг нэг цэг рүү хөтөлж үйл ажиллагаа, ажил үүргийг нь чиглүүлж байдаг. 

Иймээс зорилго хэдий чинээ тодорхой байх тусмаа компанийн төлөвлөлт төдий чинээ тодорхой болдог.Төлөвлөлт тодорхой байснаар ажилтнууд чухам юу хийхээ мэднэ, юу хийх ёстойгоо ухамсарлана. Гол үнэ цэн, үр шим нь энэ юм. 

Гарааны бизнес дампуурах, амжилтгүй болдог шалтгааны нэг нь тодорхойгүй зорилго байдаг гэдгийг олон тооны судалгаагаар нотолчихсон.

-Танай хөтөлбөрт хамрагдснаар өөр ямар үнэ цэнийг гарааны бизнес эрхлэгчид олж авах вэ? 

-Та сайн программист, инженер гэж бодъё. Та бизнес санаа шийдлээ боловсруулж чадна, түүнийхээ дагуу бүтээгдэхүүнээ хийж чадна. Та компани байгуулж, өргөжин тэллээ, ганцаараа биш ажилтнуудтай ч боллоо. Ингээд л асуудал ундарч энд тэнд "гал гарч" эхлэдэг юм байна л даа. Тэр бүх галыг унтраах гэж ийм тийш сандачин гүйсээр эцэстээ арга мухарддаг жишээ олон.

Би мундаг, олон жил бизнес хийсэн энэ бүхнийг үзэж харсандаа хэлээд байгаа юм биш л дээ. Бидний хийдэг ажил бол гарааны бизнесийг амжилтгүй, бүтэлгүйтэлд хүргэж байгаа шалтгаануудыг судлах, эмчлэх шийдлүүдийг боловсруулах юм. Энэ утгаараа судласан, танин мэдсэн зүйлсээ хуваалцаж байгаа юм шүү. Та ганцаараа бүх асуудлаа шийдэх гэж оролдож байсан бол хөтөлбөрт хамрагдсанаар компанид тулгардаг нийтлэг асуудлыг шийдэх шийдлүүдийг шууд ашиглах, үүссэн асуудлыг шийдэх оюуны шийдэл гаргах бүтэн баг ажлаад эхлэнэ гэсэн үг. 

Бид гарааны бизнес эрхлэгчдийг оффис, оффис тоног төхөөрөмжөөр хангаж, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх ментор сургалтуудад хамруулж, үндсэн үйл ажиллагааг дэмжих нягтлан бодох, оффис менежер гэх ажлуудыг гүйцэтгэн, хүний нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулалт хийх, эхлэлийн 50 хүртэлх сая төгрөгийн мөнгөн санхүүжилт, тодорхой асуудалд гаргалгаа гаргах хууль эрх зүй, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, олон улсын зах зээлд гарах түнш, дараагийн шатны санхүүжилт, стратегийн хөрөнгө оруулагчтай холбох ажлуудыг хийдэг. 

Дээрх дурьдсан үйлчилгээнүүд чинь компанид бодитоор гардаг зардлууд шүү дээ. Тэгэхээр бид мөнгөн дүнгээр илэрхийлбэл нэг гарааны бизнест 2 жилийн хугацаанд 250 гаруй сая төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтыг хийдэг гэсэн үг юм. Бид хөтөлбөрийнхөө багц үйлчилгээг нэмэгдүүлэх шийдлүүдийг гаргаж ТУЗ-дөө танилцуулахаар бэлдэж байгаа. 

-Танай хөтөлбөрт хамрагдсан гарааны бизнесүүд дээр ямар эерэг үр дүнгүүд гарч байна вэ? 

-Би "Янзтай" брэндийн ясны шөлний үйлдвэрийн суурь тогтолцоог суурилуулах ажилд голчлон ажиллаж байгаа. Тус компани хөтөлбөрт хамрагдахад үүсгэн байгуулагчдын итгэл буурсан, санхүүгийн хувьд хүндрэлтэй учирсан, захирлын даалгаврын дагуу үйл ажиллагаа явагдаж байсан.

Бид хамтраад компанийн өргөжин тэлэх боломжийг судалж, энэ компани юу хийх вэ, хаана очих вэ, юу хийж ямар үнэ цэнийг бүтээх вэ, ямар нөөц хэрэгтэй вэ, үйл ажиллагааг хэвийн явуулахад ямар шийдлүүдийг нэвтрүүлэх вэ гээд олон асуудлыг шийдэж чадсан. Ингэснээр ажилчдын урам зориг сэргэсэн, энд ажиллаад ямар үр шимийг хүртэх, ямар хэрэгцээгээ хангаж байгаагаа танин мэдсэн. 

Зорилго тодорхой болсноор үйл ажиллагааныхаа хүрээнд ямар ажлууд хийхээ мэддэг болсонд хамгийн чухал нааштай үр дүн бий. Гэхдээ энэ бүхэн төлөвшихөд хугацаа шаарддаг. Олон ч үл ойлголцол, зөрчилдөөн үүсдэг юм байна лээ. Хөтөлбөрт өмнө хамрагдсан компаниудийнхаа жишээнээс анзаарсан. Миний хувьд ч гэсэн том сорилт болж байна. Мэдээж төгс зүйл гэж байхгүй учраас бага их хэмжээгээр алдаа дутагдал гарна. Харин тэрхүү гарсан доголдлыг байгууллагын оношлогоо гэдэг зэвсэгээрээ оношлоод өөрөө өөрийгөө байнга сайжруулаад явах юм.  

-Гарааны бизнес эрхлэгчид, ЖДҮ эрхлэгчид борлуулалтаа хэрхэн сайжруулах вэ гэсэн томоохон асуудалтай учирдаг. Энэ тал дээр танайх хэрхэн дэмжих вэ? 

-Эхлээд яагаад борлуулалт муу байна вэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй юм байна лээ. Жишээ нь борлуулалтын ажилтан харилцагч руугаа тогтмол очиж байна уу, харилцагчийн татгалзаж байгаа шалтгааныг тодруулах, бүтээгдэхүүнээ таниулах ажлуудаа бүрэн хийсэн үү гээд асуудлыг үүсгэж байгаа шалтгаанаа гаргаж ирэх нь чухал. Ингээд энэ бүх асуултыг нэг хавтгайд буулгаад эхнээс нь шийдлүүдийг нь гаргаад уялдуулаад эхлэнэ дээ. Энэ ажлыг хийх "Сэтгэлгээний гурвалжин", ажил гүйцэтгэх алгоритм гээд зэвсгүүд нь манайд байна.

 

-Та ТУЗ-дөө хөтөлбөрөө танилцуулна гэж байсан. Нууц биш бол танай компанийн хөрөнгө оруулагч хэн бэ? 

-Энэ нууц биш ээ. Манай компанийн хувьцаа эзэмшигч "Гүнд Инвестмент" ХХК гээд дотоодын хөрөнгө оруулалтын холдинг компани байгаа. "Гүнд Инвестмент" нь дараагийн шатны хөрөнгө оруулалтыг хийдэг. Гүнд Инвестмент манайх хоёрын хөрөнгө оруулалтын зориулалт, хөрөнгө оруулалтаар хүрэх үр дүнгийн зорилт өөр өөр юм.