Blog post
Blog post Blog post Blog post Blog post
STSFoods: Монгол бэлчээрийн малын ясны үнэ цэнийг олон улсын зах зээлд танилцуулна

“Сократус Студио” ХХК-ийн гарааны бизнесийг бойжуулах системийн шийдэлд суурилсан хөтөлбөрт хамрагдсан "Янзтай" брэндийн ясны шөл үйлдвэрлэлийн хамт олон хөтөлбөрийнхөө эхний үе шатыг буюу байгууллагын стратегийн суурь шийдлүүдээ суурилуулж, хөтөлбөрийн дараагийн үе шат руугаа шилжиж байна. Мөн тус компани хөтөлбөрийн хүрээнд олгогдох эхлэлийн хөрөнгө оруулалтаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ технологи, бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлоо шинэчлэн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж эхлээд байна. “Эс Ти Эс Фүүдс” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан менежер, биотехнологич Г.Бат-Очиртой ясны шөл гэж чухам юу болох, хүний биед ямар ашиг тустай талаар ярилцлаа.

-Ясны шөлний хэрэглээ, ач холбогдлыг хэрхэн үздэг вэ?

-Ясны шөл гэдэг тухайн ясны агуулж буй эрдэс бодис, уураг, өөх тосыг хоол хүнсэндээ хэрэглэхийн тулд тэдгээр шим тэжээлийн бүрэлдэхүүн хэсгийг ялган авахыг хэлээд байгаа юм. Ясны шөлний хэрэглээг зөвхөн хоол төдий бус шим тэжээлийн дутагдлаас сэргийлэх голлох эх үүсвэр гэж үзэж байна. Жишээ нь барууны орнуудад ясны шөлөөр кофе найруулж уудаг соёл бий болсон байна. Кафейн ихтэй бүтээгдэхүүн хүний бие дэх кальцийг их хэмжээгээр гадагшлуулдаг дутагдалтай. Үүнтэй холбоотойгоор кофендоо нунтаг шөл хийж хэрэглэх нь элбэг болсон. Мөн ямар ч төрлийн хоолны гурил зуурахад ашиглаж байна. Жишээ нь “Тэсо” компани манай ясны шөлөөр ясны шөлтэй бэлэн гурил үйлдвэрлэдэг. Ясны шөл гэдэг бидний гэртээ хоол хийхдээ жаахан махтай яс чанаад шөл гаргаад хийдгээс шал өөр зүйл шүү дээ.

Сонирхуулахад ясны шөлийг жимстэй хольж найруулан маш гоё амттай смүүтий хийж болно. Ясны шөлтэй смүүтий гэхээр хүмүүс зохицох амт гарна гэдэгт эргэлзэх байх. Ердөө 2-3 минутад л өөрт хэрэгтэй амин дэмтэй бүтээгдэхүүн хийх боломжтой учраас та бүхэн гэртээ, ажил дээрээ туршаад үзээрэй. Жорд нь жимсээс гадна цагаан гаа, турмеркийг бага зэрэг хийж болно. Ингэснээр тулгуур эрхтэнд хэрэгтэй амин дэмээ авахаас гадна судасны ханыг цэвэрлэж, дархлаагаа дэмжиж байна гэсэн үг. 

 

-Ясны шөл дархлаа дэмждэг гэдэг дээр ямар судалгаа байдаг вэ?

-Монголчуудын уламжлалт ардын эм, таны жорд ясны шөл багтдаг нь ч учиртай. Дархлааг дэмжих зорилгоор болон ясны ургалтыг зогсоох, ургасан ясыг шимэгдүүлэх эмчилгээнд ясны шөлийг хэрэглэдэг. Яс кальци, фосфор магниар баялаг учраас хүүхдэд ясны шөл нэн тохиромжтой байдаг. Яагаад гэвэл хүүхдийн кальцийн хэрэглээ насанд хүрсэн хүнийхээс 1.5 дахин их байдаг. 

Бид ясны шөлийг сүү болон зарим бүтээгдэхүүнтэй харьцуулсан судалгаа хийж байна. Малын яс нь эрдэсийн гаралтай ялтас, органик бодисоос бүрддэг. Эрдэмтдийн судалж тогтоосноор ясны бүрэлдэхүүний чийг 17-40, эрдэс бодис 14-50, тос 13-33, уураг 14-23 хувийг эзэлдэг. Ясны эдийн нийт жингийн 20 хувь орчим, эзлэхүүний 40 орчим хувь нь коллаген уураг юм.

Нарийвчилж үзвэл  кальци 99 хувь, фосфор 87 хувь, магни 58 хувь байна. Эндээс үзэхэд яс ямар их баялаг, амин дэмийн эх үүсвэр болох нь харагдана. 

-Шим тэжээл гэж юу вэ?

-Шим тэжээлийг уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, ус гэх үндсэн 6 хэсэгт хувааж болно. Та бидний иддэг хоол хүнс мах, гурил, будаа, төмс лууван зэрэг нь бүгдээрээ энэхүү 6 шим тэжээлийн бүрэлдэхүүнээс тогтдог. Гэхдээ эдгээр нь харилцан адилгүй нэгжээр хүний биед энергийг өгдөг юм. Насанд хүрсэн хүний өдөрт авах илчлэгийн хэмжээ гэдэг нь өндөр, жин, хөдөлгөөний идэвхи зэргээс хамаараад дунджаар 2400 ккал илчлэг шаардлагатай гэж үзье.

Тэгвэл та 100гр мах идэхэд 16.3 гр уураг, 15.3 гр өөх тосыг авсан гэсэн үг. 1гр уураг нь 4ккал, 1гр нүүрс ус нь 4ккал, 1гр өөх тос нь 8ккал илчэг өгдөг.  Энэ мэтээр та хялбархан өөрийнхөө өдрийн хэрэглээний илчлэгийг тооцож ойлгож чадна. Эмэгтэйчүүдийн турах гэж зовоод байдаг асуудлыг шийдэх хамгийн ойлгомжтой бөгөөд шинжлэх ухааны үндэстэй  баталгаатай арга бол та илчлэгээ тооцож хүнсээ хэрэглэх л юм.

 

-Жингээ барих гэж байгаа хүмүүст шөл уухыг зөвлөдөг. Энэ хэр үнэний хувьтай вэ?

-Жингээ барих талаар олон янзын дэглэм, зөвлөгөө бий. Мэдээж үүний ард хоол хүнсний шим тэжээлийн талаарх хамгийн чухал ойлголт л яваад байна. Ясны шөл хэрэглэснээр та уураг, эрдэс бодис, өөх тосны хэрэгцээгээ хангаж чадна. Ясны шөл маш бага хэмжээний нүүрс устай. Иймээс бодисын солилцоогоо явуулахын тулд таны биед энерги хэрэгтэй энергийн эх үүсвэр нүүрс усаа багасгавал өөх тосоо шатааж, хайлуулж жингээ хаяна гэсэн үг. 

Хэрэв жингээ барих, жин хаях зорилгоор шөл уух гэж байгаа бол өөх тосны хэмжээ хамгийн бага агуулсан шөлийг сонгоно. Уураг болон эрдэсээ ясны шөлөөс авах боломжтой учир дархлаа тэр бүр сулрахгүй. 

 

-Гэртээ чанасан ясны шөлөөс үйлдвэрт технологийн дагуу боловсруулсан ясны шөл яагаад илүү шим тэжээлтэй байж чадах вэ?

-Ясыг 24 цаг чанаж сайн чанарын шөл гаргах шаардлагатай. Гэрийн нөхцөлд боловсруулсан шөл шим тэжээлтэй ч агууламж нь хэр гарсан, дулааны боловсруулалтыг зөв тохируулж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Сайтар шулсан ясыг 12-оос доошгүй цагаар хүйтэн усанд дэвтээж ясанд агуулагдах цусыг салгаж авдаг. Дараа нь усыг асгаад шинэ усаар буцалган нитгэлийг салган, 90 градуст 24-өөс багагүй цаг чанаж ясанд агуулагдах бүхий л эрдэс, уургийг салгаж авах зэрэг нарийн технологитой. Тэгэлгүйгээр булууны ясыг 4-5 цаг чанаад шөл гаргаснаар ясанд агуулагдах шим тэжээлийн багахан хэсгийн шөлөндөө уусгаад ихэнх шим тэжээлийн хэсгээ хаячихаж байгаа хэрэг.

Харин үйлдвэрлэл гэдэг үүнийг нарийвчлан судлаад, туршаад явдаг гэдгээрээ давуу талтай.

 

-Танай компани Сократусын хөтөлбөрт хамрагдсны давуу тал юу байв?

-Энэ оны эхнээс манай компанид стратегийн суурь шийдлүүд угсрах ажил эхлэсэн. Стратегийн суурь шийдлүүд гэдэг нь компани урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай шийдлүүд юм. Бид хэрхэн үйл ажиллагаагаа төлөвлөх, төлөвлөлтөө хэрхэн хэрэгжүүлэх, гүйцэтгэлээ хэрхэн үнэлэх, дүгнэх, компанид үүсэж байгаа асуудал болон доголдлоо хэрхэн оношилж байх гээд шийдлүүд багтдаг. Ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх сургалтуудад хамрагдаж байна. Мөн эхлэлийн санхүүжилт авсан. Түүгээрээ технологийн процессоо шинэчлэсэн. Өөр өөр нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтыг хийж байна. Удахгүй ясны шөл суурьтай амин дэмийн, эрүүл мэндийн ашиг тустай бүтээгдэхүүнүүд гаргана. Мөн экспортод гаргах бэлтгэл туршилтын ажлууд хийгдэж байна.