"Brighton Edtech" гарааны компани Сократусын хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалт татаж чадлаа

2023-10-17

Гарааны компаниудад хөрөнгө оруулан системийн шийдэлд суурилсан хөтөлбөрөөр бойжуулах замаар зорилгоо хэрэгжүүлэх чадамжтай бизнесийн системийг хамтран бүтээдэг "Сократус Студио" ХХК-ийн гарааны компанийг бойжуулах хурдасгуур хөтөлбөрийн 8 дахь удаагийн сонгон шалгаруулалт явуулжээ.

Энэ удаа өөрсдийн боловсруулсан хөтөлбөрөөр гадаад хэл сургах, гадаад хэл сургалтын цахим платформ хөгжүүлэхээр зорьж буй "Брайтон" ХХК Сократусын хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус компанийг их сургуулийн нэг ангийн гурван найз буюу А.Ариунтуяа, О.Халиунаа, Ц.Мөнгөнчимэг нар хамтран байгуулжээ.

Хүн төрөлхтний завгүй амьдралын хэв маяг, технологийн боломжууд бүх зүйлийг дижитал руу шилжүүлж байна. “Brighton” компанийг үүсгэн байгуулагчид завгүй, богино хугацаанд хэл сурах зорилготой хүн бүхэнд зориулсан хөтөлбөрөөр гадаад хэл эзэмших “Boosterz Edtech" платформыг бүтээхээр ажиллаж байна.

ЕБС-ийн уламжлалт сургалтын системээс үүдэн бид аливаа хэлийг хэн нэгнээр нэг бүрчлэн заалгаж, академик аргаар сурах ёстой гэж ойлгодог. Гэвч олон жилийн турш хэдэн мянган дүрэм сурсан ч чөлөөтэй ярьж чаддаггүй.

Тэгвэл тэд академик мэдлэг бус чөлөөтэй хэрэглэж чаддаг англи хэлтэй болгох зорилгоор өөрсдийн бүтээсэн аргачлал дээр тулгуурлаж англи хэлийг амжилттай зааж буй залуухан бүсгүйчүүд юм.

Тэд сургалтын хөтөлбөрөө боловсруулаад гурван жилийн турш танхимын сургалт явуулж байжээ. Харин долоон сарын өмнөөс эхлэн аргачлал дээр суурилсан "Boosterz" платформыг бүтээж, түүгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна."Boosterz" edtech бол зүгээр англи хэл “заадаг” платформ биш, харин хэл сурах бүх хүчин зүйлийг тооцоолж нэгтгэсэн “суралцах” платформ гэдгийг онцоллоо. Учир нь дүрэм үзэж, үг цээжилдэг академик арга барилыг халж, чөлөөтэй хэрэглээг бий болгоход чиглэсэн, англи хэлийг монгол хэлний онцлогтой харьцуулан заадаг аргачлалууд, сурагч бүрийн үр дүнг чухалчилсан ментор багш болон үнэлгээний системтэй цогц платформ аж.

“Brighton" компанийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал А.Ариунтуяатай цөөн хором ярилцлаа.

Хэр удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Бусад сургалтын төвүүдээс ялгарах онцлог нь юу вэ?

Бид үйл ажиллагаагаа эхлүүлээд гурван жил гаруй болж байна. Өнгөрсөн хугацаанд танхимаар сургалт явуулж байсан. Долоон сарын өмнөөс "Boosterz" платформыг хөгжүүлж, сургалтын процессыг дижиталжуулсан.

Ихэнх хүн англи хэлийг 10 гаруй жил үзсэн мөртлөө ярьж чаддаггүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр англи хэлийг заахдаа хэтэрхий академик түвшинд буюу дүрэм дээр суурилж, үе шаттай заадаг мөртлөө ярих чадварын дадлагыг орхигдуулдаг. Ингэснээр мэдсэн зүйлээ ашиглаж ярьж чадахгүй байдал үүсдэг.

Манай хөтөлбөрийн хувьд нэг курс буюу таван сарын хугацаанд англи хэлний хамгийн гол гэсэн дүрмүүдийг зааж, хэрэглээ буюу ярьж чаддаг болгох зорилготой. Мөн хүмүүс хэл сурах арга барилаа олж чадаагүйн улмаас дундаас нь орхих, шантрах асуудал гардаг. Тиймээс бид хамгийн түрүүнд сэтгэл зүйг нь бэлдэх хичээл ордог. Англи хэл нь Монгол хэлээс уг гарвалынхаа хувьд тэс өөр бүтэцтэй учраас хооронд нь харьцуулах маягаар өөрсдийн боловсруулсан аргачлалаар заадаг.

Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт авсан бэ. "Сократус старт-ап студио"-тэй хэдэн жилийн хугацаанд хамтарч ажиллах вэ. Цаашдын зорилго нь юу байна вэ?

"Сократус старт-ап студио"-тэй хоёр жилийн гэрээ байгуулж, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө оруулалт авлаа. Бид өөрсдийн боловсруулсан аргачлал дээр тулгуурлаж бүтээсэн "Boosterz"  платформаа дэлхийд өрсөлдөх чадвартай “Хэл шинжлэлийн цогц” платформ болгохын тулд ажиллана. Ингэснээр олон орны хэлийг монголчууд төдийгүй өөр улсын иргэд суралцах боломжтой болно гэсэн үг юм.