INVESTUS SUMMIT 2023-ийн эргэн тойронд

2023-09-07

Гүнд инвестмент холдингийн хөрөнгө оруулалттай Сократус Стартап Студиогийн зохион байгуулсан INVESTUS SUMMIT 2023 арга хэмжээ “Мэдлэгээр баталгаажсан хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд 2 сарын 28-аас 3 сарын 2-ны өдрүүдэд INVESTUS SEMINAR, INVESTUS CONFERENCE, INVESTUS WORKSHOP гэсэн 3 хэсгээр зохион байгуулагдлаа.

INVESTUS SEMINAR

Мэдлэг хуваалцах семинарыг эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн удирдлага, бодлого тодорхойлох төрийн байгууллагын төлөөллүүдэд зориулан зохион байгуулсан ба Сингапурын Темасек хөрөнгө оруулалтын сангийн бизнесийн зөвлөх, Stewardship Asia Centre байгууллагын гүйцэтгэх захирал асан Ong Boon Hwee "Singapore, an unnatural success - How innovation, sound policies and gumption help Singapore to survive and excel." сэдвээр илтгэл тавьж Сингапурын хөгжлийн загвар, хүчин зүйлсийн талаар санал солилцсон хэлэлцүүлэг хийлээ. Зөвлөх Ong Boon Hwee БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Салбарын түншлэл, өндөр технологи, инновацийн хөгжүүлэлт, гарааны компанийн бодлого, зохицуулалт, хэрэгжилт хариуцсан шинжээч Б.Урьболд, ШУТСангийн захирал Д.Одгэрэл, Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал Б.Амарсанаа, МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Баяртогтох, МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвийн эрхлэгч Д.Лхагвасүрэн нарын албаны хүмүүстэй уулзалт хийсэн ба Сингапур улсын шинжлэх ухааны парк, их дээд сургууль, бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаа эхлүүлэхэд харилцаа холбоо тогтоох, боломжит хэлбэрээр дэмжиж хамтран ажиллахаар боллоо. Сократус Стартап Студиогийн Гүйцэтгэх захирал А.Мөнхцог “Инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь” судалгааны үр дүнгээс танилцуулж системийн инженерчлэлийн аргачлалаар нийгмийн тогтолцоог загварчлахад үүсэх давуу талын талаар хэлэлцүүллээ.

INVESTUS CONFERENCE

Тус арга хэмжээнд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, гарааны бизнесийн экосистемийн оролцогч байгууллагуудын төлөөлөл болох 200 гаруй зочид оролцлоо.

“Мэдлэгт суурилсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд Гүнд Инвестмент ХХК-ийн үүсгэн байгуулагч, ЗСДС-ийн тэргүүн Д.Жаргалсайхан илтгэл тавьлаа. Тэрээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг чанартай өгөгдөлд суурилсан мэдлэгээр удирдсанаар үүсэх харьцангуй давуу талууд, чанартай өгөгдөл гэж юу болох, хэрхэн бий болгох, мэдлэг бүтээх сэтгэлгээний алгоритм, түүнийг ашигласнаар үүсэх бодит үр өгөөж болох нөөцийн хэмнэлт, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, компанийн эрсдэлийг удирдах чадвар, орчны өөрчлөлтөд шуурхай дасан зохицох чадвар хэрхэн нэмэгддэг талаар мэдлэгээ хуваалцсан бол “Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны доголдлоос үүдэн гарах эрсдэлийг бууруулах системийн инженерчлэлд суурилсан дижитал шийдэл” сэдвийн хүрээнд ТУС Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баярцэнгэл байгууллагуудад дижитал шилжилт хийхэд тулгарах эрсдлүүд болон тэдгээрийг даван туулах арга зам, эрсдлийг даван туулах чадвартай байгууллагын загварыг танилцууллаа.

Сократус Студио ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Мөнхцог гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын эрсдэл буюу гарааны бизнесийн бүтэлгүйтлийн шалтгаан нь тухайн компанийн үйл ажиллагааны цэгцгүй байдал, үйл ажиллагааны доголдол, үйл ажиллагаандаа ашиглаж буй оновчгүй шийдлүүдээс үүдэлтэй талаар, Сократус гарааны бизнесийг бойжуулах хөтөлбөрөөр хөрөнгө оруулагчийн гарааны бизнес дахь хөрөнгө оруулалтын эрсдлийг бууруулж чадаж байгаа талаараа танин мэдсэн мэдлэгээ хуваалцлаа.

Temasek хөрөнгө оруулалтын сангийн бизнесийн зөвлөх, Stewardship Asia Centre-ийн Гүйцэтгэх захирал асан Ong Boon Hwee Сингапур улсаас уригдан ирж  “Хариуцлагатайгаар баялаг бүтээх нь” сэдвийн хүрээнд уламжлалт аргаар байгууллагыг удирдах болон Stewardship-ын арга аргачлалын дагуу бизнес эрхлэхийн давуу талуудын талаар мэдлэг хуваалцаж, удирдах үйл ажиллагааны таван үндсэн ойлголт болох Purpose, Ownership, Long-term view, Relationship, Community зэргийг онцолсон нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт чухал сэдэв байлаа.

NVP венчур хөрөнгө оруулалтын сангийн хамтран үүсгэн байгуулагч, GP Т. Тэмүүлэн Climate tech гарааны компаниудад хөрөнгө оруулах боломж болон тэдгээрт хөрөнгө оруулахад  бусад технологийн компаниудаас ялгаатай байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдлэг тэлсэн илтгэл танилцуулсан бол Мизорн ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал О.Золбаяр “Технологийн гарааны бизнесийн үүсгэн байгуулагч ба хөрөнгө оруулагчийн хоорондын зөрчилдөөн” сэдвээр илтгэл тавьж гарааны бизнесийн үүсгэн байгуулагч хөрөнгө оруулагчтайгаа хэрхэн харилцах, хөрөнгө оруулагч нь үүсгэн байгуулагчийг хэрхэн чиглүүлэх хамтран ажиллах нь оновчтой талаар өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцлаа.

Олон улсын системийн инженерчлэлийн зөвлөл-INCOSE байгуллагын төлөөлөл Jennifer Russell системийн инженерчлэлийн аргачлалыг хэрхэн нийгмийн нэгж системд хэрэглэж байгаа талаар ТУС Солюшн компанитай хамтран боловсруулсан Ухаалаг хотын загвар судалгааны бүтээллээ танилцууллаа. Уг загвар нь INCOSE-ийн “Technical product” болж олон улсын түвшинд хэлэлцэгдэж байна.  

Арга хэмжээний илтгэлийн хэсэгт төрийн байгууллагын төлөөлөл, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Ахлах зөвлөх А.Нинжин “Санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох боломж-гарааны бизнесийн хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин” сэдвээр төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулсан бол ШУПаркийн захиргааны Гүйцэтгэх захирал, Доктор (Ph.D) Б.Амарсанаа Инновацын бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, шинжлэх ухааны салбарын бодлого, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нартай хэрхэн хамтран ажиллах боломжийг танилцууллаа.

Арга хэмжээний үндсэн илтгэлээс гадна Сократус Стартап Студио, Гүнд Инвестментийн хөрөнгө оруулалттай 20+ төслүүд, гарааны компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээж буй үнэ цэнийхээ талаар үзэсгэлэн гаргаж, питч, демо хийж хамтын ажиллагааны боломжуудыг танилцууллаа.

Хөрөнгө оруулагчдаас Сократустай хамтран гарааны компаниудад хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлж, тодорхой тооны хамтарсан хөрөнгө оруулалтыг хийх эхний шатны хэлцэлүүд хийгдлээ.

INVESTUS WORKSHOP

Зочин илтгэгч Сингапурын Темасек хөрөнгө оруулалтын сангийн бизнесийн зөвлөх, Stewardship Asia Center-ийн гүйцэтгэх захирал асан Ong Boon Hwee, ТУС Солюшн ХХК-ийн хамтарсан, гэр бүлийн бизнес эрхлэгчдэд зориулсан “Stewardship Matters - building successful and enduring business” сэдэвт гэр бүлийн өмчлөлтэй урт хугацааны тогтвортой бизнесийн онцлог, гэр бүлийн өмчлөлтэй бизнест тулгарч буй бэрхшээл, эрсдэл болон удирдлагын зарчим, үнэт зүйлс, амжилттай, тогтвортой бизнесийг бүтээх менежментийн талаар, үе дамжсан гэр бүлийн бизнесийн хэрхэн бүтээх, эрхлэхэд заавал мөрдөх зарчмуудын талаар танилцуулсан интерактив воркшоп, Удирдах албан тушаалтнууд болон өндөр чадвартай дараагийн шатанд гарахаар зорьж буй удирдагчдад зориулсан “ReDiscovering Leadership, System engineered approach for supporting Leadership” сэдэвт манлайллын талаар эргэцүүлэн бодох, цаашдын манлайллын аяллынхаа утга учир, үр нөлөөг (дахин) тодорхойлох агуулгыг хамарсан воркшопууд зохион байгуулагдлаа.